Аймгийн Засаг дарга Б. Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

  Ховд аймаг нь 2019 онд хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж чадсан аймгийн нэгээр зүй ёсоор нэрлэгдээд байгаа. Энэ ч утгаараа бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Аймгийн хэмжээгээр 142 бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсан байна. Үүний дотроос Жаргалант суманд 30 гаруй барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж ажил ид өрнөж байгаатай холбогдуулан Аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, ЗДТГ-ын дарга Д. Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг бүтээн байгуулалтын явц, ажил байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ГХБХБГ-ын дарга Б. Баярсүх, МХГ-ын дарга П.Эрдэнэчулуун, МХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С. Чанцал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын газрын дарга Ц. Гандандоврон, Барилгын захиалагчийн хяналтын орон тооны бус ажлын хэсгийн гишүүд болох Монгол Улсын гавьяат барилгачин Р. Цэдэнбал, Р. Сандуйжав, А. Пүрэвдорж нар ажиллаа.




Ажлын хэсгийнхний очиж танилцсан эхний бүтээн байгуулалтын ажил нь БОЭТ-ын дэргэд баригдаж байгаа 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын гүйцэтгэлийн ажил байлаа. МУ-ын ЭМЯ, Ховд аймгийн ЗДТГ, ГХБХБГ-ын захиалгаар Жаргалант суманд баригдаж байгаа 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил өнөөдрийн байдлаар 30 хувьтай хийгдэж байна. Тус барилгын гүйцэтгэгчээр “Мотоблок” ХХК ажиллаж байна. 2019 оны 5 дугаар сарын 26-наас эхлүүлсэн барилгын ажил одоогийн байдлаар А блокийн зоорийн давхрын багана, дам нурууны арматурчлалын ажил хийгдэж байв.

Барилга нь А. Б блоктой, 32,0 х15,0 м, 21.3х15.0м хэмжээтэй, цутгамал төмөр бетон араг бүтэцтэй, 3 давхар барилга баригдахаар зураг төсөвт тусгагджээ. Төсөвт өртгийн тухайд 4 тэрбум 450 сая төгрөг. 2020 оны 6 сарын 1-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна. Энэ жилийн тухайд барилгын ажлаа 80 хувьд хүргэнэ гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тавин ортой хүүхдийн эмнэлгийн барилга ашиглалтад орсноор БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачаалал буурч эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж илүү сайжрана гэж үзэж байна. Ажлын хэсгийнхэн тус байгууламжийн гүйцэтгэлийн явцтай танилцаад барилгын ажлын бүтээн байгуулалтын явцыг эрчимжүүлж, гэрээт хугацаанд дуусгах, дулааны шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана гэлээ.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)