“Дүүрэн мэргэн” шагайн клуб шинээр үүд хаалгаа нээлээ


  “Юнеско”-ийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэлтэй, Монголчуудын эртний үнэт соёлын өв болох “Шагайн харваа” сүүлийн 20 жилд манай улсад эрчимтэй хөгжиж байгаа бол Ховд аймагт энэ спортоор сүүлийн 2-3 жил сонирхон хичээллэж, хөгжүүлэн уламжлагчдын тоо ч мөн өссөөр байна.
Орон нутгийнхаа хүүхэд багачууд, насанд хүрэгчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шагайн харвааны спортыг хөгжүүлэн, соёлын өвөөс суралцан уламжлах зорилгоор “Дүүрэн мэргэн” шагайн клуб шинээр үүд хаалгаа нээгээд байна.  Манай аймгийн Шагайн харвааны тамирчид гол төлөв спортын ордны шагайн өрөөнд бэлтгэл сургуулилтаа хийж тэмцээн уралдаанаа зохион байгуулсаар ирсэн бол “Дүүрэн мэргэн” шагайн клуб үйл ажиллагаагаа эхлүүлснээр туршлагатай харваачдаас суралцангаа хүссэн өдрөө ажил, хичээлийнхээ цаг завыг тааруулан хичээллэх боломж бүрдэж байна.

  Бурхан багшийн их дүйцсэн билигт өдрийг тохиолдуулан шинээр үүд хаалгаа нээгээд байгаа “Дүүрэн мэргэн” шагайн клубийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан Шагайн харвааны цомын төлөөх нээлттэй тэмцээн энэ үеэр зохион байгуулагдаж 4 багийн харваачид багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Дүүрэн мэргэн шагайн клуб нь 7 хоногт 4 удаа 2-4 цагаар хичээллэх бөгөөд өнөөдрийн байдлаар 8-15 насны 10-аад хүүхэд тус клубт бүртгүүлээд байна.
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, суралцангаа хөгжих, уламжлалт өв соёлоо тээн хөгжүүлэхийг хүссэн хүн бүрд Дүүрэн мэргэн шагайн клубийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцолж байна. 
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)